Гурванзагал.

ДОРНОД АЙМГИЙН ГУРВАНЗАГАЛ СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

S5000846Гурванзагал сум нь 1420 хүн ам, 349 өрхтэй, хөдөлмөрийн чадвартай хүн 765, суманд их эмчийн салбар, Холбооны салбар,  цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Соёлын төв, Мал эмнэлэгийн салбар, “ХАС ВАН”,”АНЛУ” ХХК, ЦЭЦА ХХК, Төгс билгүүн ББХоршоо зэрэг төрийн ба төрийн бус аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Тус сум нь 2 баг, 42000 толгой малтай, хүн амын 78.6 хувь нь 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж байна.1000-аас дээш малтай малчид Г.Баатарсайхан, Д.Баатар, Ш.Сүхбаатар, Аймгийн сайн малчин Д.Ганбаяр_ Ц.Дугарсүрэн, Д.Чулуун, Ш.Чогдон, Д.Батмөнх, Д.Батбаяр

Сумын нутагт хэрмэн зам буюу Чингисийн далан, Цагаан чулуут, Хадан хөвийн дөрвөлжин булш, Хөцөөгийн хоолойн зурагт хад, Манлайван Дамдинсүрэнгийх хөшөө зэрэг түүхийн дурсгалт гадрууд бий. Тэр сумаас Улсын сайн малчин У.Даваа, Долцогмаа, Улсын аварга саальчин А.Норжмаа, Улсын хошой аварга малчин Б.Пагма, Улсын аварга малчин Д.Дамдинжав, Т.Гонгор, Н.ЖАнцантөмөр, Х.Доржпүрэв, Улсын аварга мэргэжилтэн Ш.Бямбажав, Л.Дариймаа, Улсын гавъяат зүтгэлтэн зураач Ч.Батмөнх, Түүхийн ухааны дэд доктор Э.Чимидцэрэн, Хөдөлмөрийн баатар Н. Сандагдалай, Соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч С.Дашдэндэв нэрт зураач Г.Соосой, Бөхчүүдээс Монгол Улсын арслан Ш.Гэлэг, Монгол Улсын заан Б.Дугарсүрэн, Б.Түвшин, Улсын начин Д.Тажив, Ц.Дорж, С.Лодон, С.Батаа,Д.Бурмаа, Д.Гөлгөө, Л.Пүрэв, Д.Лхагваа, Т.Ядмаа, Б.Сумъяа нар төрөн гарсан юм.

Сумын үүсэл гарал:

Гурванзагал сум нь Манлай-ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэдэлд 1911 онд Богд хаан болон Монголын засгийн газраас Сэцэн хан аймгийн Сансрайдоржийн хошуу таван харуулын нутгийг олгож нүүж ирсэн барга ардуудын захирсан сумын хошуу болгосноос эхлэн эх сууриа тавьсан  юм.

1923 онд Амгалан хан уулны хошуу гэсэн нэртэй болж 1927 онд  Улз голын буриад хошуунд нийлсэн.

1931 онд Улз голын хошуунаас салж газар усныхаа нэрээр Гурванзагал гэсэн нэртэй болсон. 1935 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр С.Дамдин багштай бага сургууль 25 хүүхэдтэйгээр анх байгуулагдаж 1938 онд хүн эмнэлэг нь сестрагийн салбар 1942 онд хүн эмнэлгийн бага эмчийн салбар болон өргөжсөн.

1942 онд засаг захиргааны зохион байгуулалтаар Очир баян мөнх сумын 6 н багийг тус сумын 4 багтай нийлүүлэн 10 багтайгаар Даллагат цагаан хошуу гэдэг газар шинэчилэн зохион байгуулагдсан. 1956 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 8 дугаар сарын 01-ний өдрийн 104 дүгээр зарлигаар татан буугдаж Чойбалсан сумтай нийлж 1959 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр зарлигаар сум дахин байгуулагдсан.

Нутаг дэвсгэр цаг уур, байгалийн баялаг.

Гурванзагал сум нь аймгийн төв Чойбалсан хотоос 126 км-т Онон –Улзын хээрийн бүсийн тойрогт багтах Сүмийн булаг хэмээх газар оршино.

Сумын газар нутаг нь 525.1 мянган га газартай, зүүн хойд талаараа Чулуунхороот сум хойд талаараа Дашбалбар сум баруун талаараа Сэргэлэн сум, урьд талаараа Чойбалсан сумтай тус тус хил залгаж байна.

Газар нутаг нь өмнөд хэсгээрээ Толгод, тал хээрийн бүсэд хамрагдах газар бөгөөд далайн түвшингээс дээш дунджаар 800 м өндөрт оршдог. Жилийн цэлмэг өдрийн тоо 220-250 салхины жилийн дундаж хурд 4.2 м/сек байна.

Нар салхины эрчим хүчний их нөөцтэй, сумын нутаг хуурайвтар уур амьсгалтай бүсэд багтана. Газар нутаг нь Дорнод Монголын хээрийн бүсэд багтах бүрэн хөрстэй Шивээт хялгана, хиаг, хазаар өвс, агь, бутуул, таана, мангир, гонид, эмийн багваахай сөд, чихэр өвс, таван салаа зэрэг өвслөг ургамал шигүү ургана.

Бүх нутгийн 1.2 хувь буюу 5344.0 га талбайн газар тариалан эрхлэх боломжтой хөрстэй үлдэх 98.8 хувь нь хадлан бэлчээрийн талбай юм.

Сумын нутгийн хойд хэсгээр Монгол дагуурын дархан газрын үргэлжлэл Улз голын урьд талын сав газар, урьд талаараа Яхын тусгай хамгаалалтай газар Гурван булаг, Их булаг, Мэлхийн булаг, Жаргалант, Ац булаг, Сайхан булаг, Баруун зүүн ямаат, Уртын зэрэг 20 гаруй булаг, горхи, Холбоо, Бортгойт, Гурван , Өлзийт, Дэлгэр, Баруун зүүн үхэрт, Сүмийн нуур, Баян-Эрхтийн зэрэг уулс овоотойгоос гадна Цагаан чулуут, Хонгорын зэрэг эмчилгээний зориулалт бүхий рашаан устай.

Хамгийн өргөн тархсан агнуурын ач холбогдолтой амьтан нь тарвага чоно, цагаан зээр, үнэг, хярс юм.

Зүүн даагай, Үрлийн овоотын алтны орд, Сүмийн нуурын Битум, Цагаан Чулуутын холимог мателл, хайлуур жоншны орд, Кварц, нүүрс, утаат болор, Дэлгэрмөнхийн хүдрийн орд, Сайхан булагийн хар тугалга, цайр, мөнгө, Мэлхийн булгийн шатдаг занар зэрэг  байгалийн баялаг бүхий орд газрууд бий.

ГУРВАНЗАГАЛ СУМЫН  УЛСЫН БҮРТГЭГЧ

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр