Сэргэлэн сум.

Сэргэлэн сумын танилцуулга

Сэргэлэн сумын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1961 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7 дугаар зарлигаар Хөгнө, Хэрлэнбаян сумдыг нэгтгэн байгуулжээ. Тус сум нь Сэргэлэн хараат уулын энгэрт, Галын голын хойд дэнж, Эрдэнэ овооны урд бэлд төвлөрч, нэгдлийн нэрийг Ардын хувьсгалын 40 жилийн ойтой давхцсан учир “Дөчин жил” нэгдэл хэмээн нэрлэсэн.

Сэргэлэн сум нь халх, үзэмчин, буриад, дөрвөд ястнаас бүрдсэн 2200 орчим хүн ам, 600-аад өрх, Засаг захиргааны 5 багтай. Сумын төв Сэргэлэнхараат нь Улаанбаатар хотоос 655 км, Чойбалсан хотоос 65 км алслагдсан, баруун талаараа Цагаан-Овоо, хойд талаараа Баяндун, Дашбалбар, зүүн талаараа Гурванзагал, Чойбалсан, урд талаараа Баянтүмэн сумдтай хиллэдэг.

Сумын нийт нутаг нь 416929 га, үүнээс 265499 га нь бэлчээрийн газар, 44100 га нь хадлангийн талбай, 6.5 га нь тариаланд тохиромжтой газар юм.

Нутгийн хамгийн өндөр уул нь Хөгнө 1132 м өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1 дүгээр сарын дундаж температур -22оС, 7 дугаар сард +21оС жилд дунджаар 250 мм тунадас унадаг.

Нам уулс, гүвээ толгодоор нимгэн карбонатлаг хар хүрэн, хөндийгөөр нугын нунтаг хүрэн, яхь нуур, Галын голын хөндийгөөр нугын мараалаг хөрстэй. Нутгийн хойд хэсгээр алаг өвс, хялгана, зүр өвс, үетэн, хиаг бусад нутгаар жижиг бутлаг үетэн, хялгана, хиаг, харгана голлосон хээрийн ургамалтай. Цагаан зээр, үнэг, хярс, чоно, мануур гэх мэт ан амьтантай.

Тус суманд ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэг, Цагдаагийн хэсэг зэрэг төсөвт байгууллагууд, ХААН банк, Хадгаламж банк, Цахилгаан холбоо ХК, Скайтел ХК, Монгол шуудан ХК, ДБЭХС ХХК-ын салбар, Агропарк төрийн өмчийн газар, Мал эмнэлэг үйлчилгээний 4 эмнэлэг, мөн худалдаа үйлчилгээний 7 байгууллага, талх, нарийн боов, гутал засвар, үсчин-гоо сайхан, халуун ус саун, зочид буудал, жижиг хэвлэл, оёдлын газар тус бүр нэг, ҮЭ, ХЭАХН-ийн салбар зөвлөл, мөн 7 малчны нөхөрлөл буюу ТББ үйл ажиллагаагаа явуулдаг.

 
close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр