Хэрлэн сум.

ЧОЙБАЛСАН ХОТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Товч түүх: Дорнод аймгийн төв Чойбалсан хот нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 655 км-д орших бөгөөд хойт талаараа Адуунчулууны нүүрсний уурхай, урд талаараа Хэрлэн гол, баруун, зүүн талаараа жижиг гүвээ толгодоор хүрээлэгдсэн 28,3 мянган га талбай бүхий нутагтай, уртаашаа 20 км сунаж тогтсон манай улсын томоохон хотын нэг юм.

Монгол улсын шинэ Үндсэн хуулинд Монгол улсын Засаг захиргааны нэгж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо байна гэж заасны дагуу 1994 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Чойбалсан хот нь Хэрлэн сум болон зохион байгуулагджээ.

Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн суманд харъяалагддаг ба Хэрлэн сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай.

1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны хүнд жилүүдэд эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах ариун үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, тэмцэл, ялалтын найдвартай ар тал болж, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Чойбалсан хотын иргэд, хөдөлмөрчид, Баянтүмэнгийн цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн түүхэн гавъяа, хотынхоо бүтээн байгуулалтад хүч хөдөлмөр, оюун ухаанаа дайчлан ажилласан үе үеийнхний амжилт бүтээл, эх орны хөгжлийн тулгуур, наран ургах зүгийн их хотын хөгжил цэцэглэлтийг үнэлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 83 дугаар зарлигаар Чойбалсан хотыг Төрийн дээд шагнал “ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнасан юм. Үүнтэй холбогдуулан жил бүрийн 09 дүгээр сарын 28-ны өдрийг “Алдар гавъяаны баярын өдөр”, Чойбалсан хотын баярын өдөр буюу төрсөн өдөр болгон тэмдэглэж байхаар заншсан билээ.

Нийгмийн салбар: Манай хотын төвд боловсролын болон эрүүл мэндийн системийн байгууллагууд өргөжин, Зүүн бүсийн Оношлогоо эмчилгээний төв, өрхийн эмнэлгүүд 3, “Дорнод Монголын Дээд сургууль” /1991 онд анх Багшийн коллеж нэртэйгээр/, 2002 оноос “Шинэ зуун” хувийн дунд сургууль, 2004 оноос “Шинэ хөгжил” цогцолбор сургууль, 6-р сургууль , 2005 оноос “Flоwеr” хувийн дунд сургууль, нийт 12 сургууль, 9 цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс улсын тэргүүний сургууль 2, улсын тэргүүний цэцэрлэг 5 байна.

Ерөнхий боловсролын төрийн болон хувийн 12 сургуульд 2014 оны байдлаар 8769 суралцагчид өдрөөр, 10 цэцэрлэгт 2980 хүүхэд боловсрол эзэмшиж байна.

Мөн Дорнод Монголын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежид 2600 гаруй оюутан, сурагчид суралцаж байна.

Үүнээс гадна соёл урлаг, спортын байгууллагууд болох Музей /байгалийн болон уран зургийн/, Хөгжимт Драмын театр, Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын сан, Спортын ордон зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2004 онд Монгол улсын хэмжээнд 2 дахь, орон нутагт анх удаа бөхийн өргөө, 2012 онд мэргэжлийн уран бүтээлчид ажиллах, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Хөгжимт Драмын театрын барилга ашиглалтанд орлоо.

Дэд бүтэц: Чойбалсан хотын авто замын сүлжээ хэвтээ хос авто зам болон туслах замаас тогтсон байдаг. Чойбалсан хотын дотор төв болон хөндлөн урсгалт асфальт, бетонон хучилттай зам 20 гаруй км, сайжруулсан шороон зам 60 гаруй км үргэлжилдэг.

2013-1014 онуудад төв замын 10 гаруй км замыг бетонон суурьт асфальтан хучилттай болгосон ба 2003 оноос ОХУ-ын Чита хотын нэрэмжит 600м, Агын Буриадын Автономит тойргийн нэрэмжит 800м, Худалдаачдын гудамжны 540м, Нуурын гудамжны 520м, Хивсний гудамжны 500м бетонон зам, Төмөр замын Баянтүмэн тасаг хүртэлх 1,7 км, Нисэхийн чиглэлд 1,9 км хатуу хучилттай авто замуудыг тус тус шинээр тавьсан юм.

Чойбалсан хотын хэмжээнд 2014 оны байдлаар 5 ба түүнээс дээш давхар тохилог орон сууц 97 байна. Орон сууцны хангамжийн хувьд сумын нийт 11.6 мянган өрхийн 4,1 мянга нь амины орон сууцанд, 4,7 мянга нь тохилог орон сууцанд, 2,8 мянга нь гэрт амьдарч байна. Нийт хүн амын 50,2 хувь нь дулаан, цахилгааны төвлөрсөн системд холбогдсон тохилог орон сууцанд амьдардаг.

Чойбалсан хотын цэцэглэн хөгжих үйл явцын хурдцад гадаад харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт чухал байр суурийг эзэлсээр ирсэн. Мөнхийн хөрш ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар (Чита хот, Агын Буриадын Автономит тойрог), БНХАУ-ын Шандунь мужийн Хэзэ хот, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Манжуур, Хайлаар хот, Жалантунь хот, Шинэ барга баруун, зүүн хошуу, Хянган аймгийн Рашаан хот болон Австри улсын Кернтен мужийн Ферлах хоттой гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.

Хэрлэн суманд 2013 оны жилийн эцсийн байдлаар 96,1 мянган толгой малтай, үүний 9.5 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын мал, 90.5 хувийг иргэдийн мал эзэлж байна.

Түүнчлэн бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг маршал Х. Чойбалсангийн нэрэмжит олон улсын Нисэх онгоцны буудал, Улаанбаатар Төмөр замын Баянтүмэн тасаг, “Дорнод бүсийн эрчим хүчний систем”ТӨХК, “Дорнод НАА” ХХК, Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төв, Гаалийн газар, Дорнод Монголын Дархан газрын захиргаа, Хүнс, барааны болон мал, амьтны гаралтай түүхий эдийн төрөлжсөн захууд ажиллаж байна.

Чойбалсан хотод Монгол дайчдын хөшөө, Бөмбөгдөлтийн хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө, ЗХУ-ын баатар Кукушкины хөшөө, маршал Г.К.Жуковын байр, Маршал Х.Чойбалсангийн хөшөө, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөө, ЗХУ-ын баатар нисгэгч Н.Ф. Гастеллогийн хөшөө, ЗХУ-ын баатар, пионер Зоя Космодемьянскаягийн хөшөө зэрэг түүхт хөшөө, дурсгалт газрууд олон бий.

Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төрөл бүрийн эх үүсвэрээр орон сууцны барилга, хот байгуулалтын өнөө үеийн шаардлага хангахуйц олон тооны бизнес үйлчилгээний төвүүд баригдаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүр бүтээлчээр ажиллаж хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

2014 оны байдлаар Чойбалсан хотод улс, аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 16 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 гаруй нэр төрлийн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна.

Үүний үр дүнд 2007 онд Чойбалсан хот маань “Бүтээлч хот”, 2010 онд “Ногоон хот”, 2011 онд “Бүтээлч хот”-оор, Чойбалсан хотын “Таван чадан” ХХК-ийн Чадангууд цогцолборын барилга улсын “Шилдэг барилга байгууламж”-аар шалгарч байсан.

Чойбалсан хотын хөгжлийн чиг хандлага:

Хэтийн төлвөөр Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, гадаад харилцаа тэргүүлсэн, нийгэм, соёл үйлчилгээний төв болох явдал юм.

Чойбалсан хотод гадаад харилцаа, мэдээлэл, технологи, уул уурхайн үйлвэрлэл, аж үйлдвэрийн парк, бөөний худалдаа, бөөний сүлжээ, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, хот орчмын бүсэд аялал жуучлал, эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх болно.

Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хот нь олон улсын төмөр зам, Азийн хурдны авто зам бүсийн төвийг дайрснаар Европ, Ази, Номхон далайн орнуудад гарах гарцууд, хилийн боомтуудын гурвалын төвд байрлаж олон улсын худалдаа, бараа солилцоо, гаалийн баталгаат агуулахын бүс бий болж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, мэдээлэл, техник, технологи нэвтэрч аж үйлдвэрийн парк байгуулах улмаар худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж бүрдэнэ. Мөн бөөний худалдаа, бөөний сүлжээний төв болно. Засгийн газраас Дорнод-Таван толгойг холбосон төмөр зам барих тухай шийдвэр гарч, төмөр замтай болсноор Чойбалсан хотын хөгжилд нилээд их хувь нэмэр оруулах юм.

ХЭРЛЭН СУМАНД ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХЭМЖЭЭНД ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН

ЧИГЛЭЛЭЭР 05-Р САРД ХИИЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

2015.06.02

2015 оны 05-р сард Хэрлэн суманд шинэ төрсөн хүүхдийн бүртгэлд  хүүхэд 93 , шинээр гэр бүл болсон 30 хос,  овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлд 3, үрчлэлтийн бүртгэлд 3, гэрлэлт цуцлалтын бүртгэлд 4, нас барсны бүртгэлд 16, эцэг тогтоолтын бүртгэлд 22 иргэн бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Төрсний гэрчилгээгээ гээж үрэгдүүлсэн болон хүчинтэй байдлыг алдагдуулсан 18 иргэнд дахин гэрчилгээг олгосон.

Цахим үнэмлэх шинээр 42, гээж үрэгдүүлсэн 27, 25,45 насны сунгалт хийлгэх 113 иргэний хүсэлтийг тус тус хүлээн авч, 272 иргэнд хэвлэгдэж ирсэн цахим үнэмлэхийг хүлээлгэн өгч ажилласан.

Аймаг нийслэлрүү бүр мөсөн шилжин явсан 59, аймаг нийслэлээс шилжин ирсэн 50, аймаг хот дотор шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлт гаргасан 479 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийж гүйцэтгэсэн.

Өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим үнэмлэхийг гэрээр хүргэж өгөх хүргэлтийн үйлчилгээнд 3 иргэнийг хамруулж, цахим үнэмлэхийг гэрээр хүргэж өгч ажилласан.

Ерєнхий боловсролын 12 дугаар сургууль, FLOWER     сургуулийн ахлах ангийн сурагч нарт Иргэний цахим їнэмлэх хэрхэн авах мэдээлэл мэдээлэлгч гарын авлага тараах материал тараасан. / Нийт 86 сурагч хамрагдсан/

ХЭРЛЭН СУМАНД ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ХЭМЖЭЭНД ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН

ЧИГЛЭЛЭЭР 04-Р САРД ХИИЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

2015.04.28

2015 оны 04-р сард Хэрлэн суманд шинэ төрсөн хүүхдийн бүртгэлд 106 хүүхэд, шинээр гэр бүл болсон 27 хос,  овог, эцгийн нэр, нэр өөрчилсний бүртгэлд 2, үрчлэлтийн бүртгэлд 1, гэрлэлт цуцлалтын бүртгэлд 3, нас барсны бүртгэлд 23 иргэн бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Төрсний гэрчилгээгээ гээж үрэгдүүлсэн болон хүчинтэй байдлыг алдагдуулсан 16 иргэнд дахин гэрчилгээг олгосон.Цахим үнэмлэх шинээр 65, гээж үрэгдүүлсэн 33, 25,45 насны сунгалт хийлгэх 125 иргэний хүсэлтийг тус тус хүлээн авч, 272 иргэнд хэвлэгдэж ирсэн цахим үнэмлэхийг хүлээлгэн өгч ажилласан.Аймаг нийслэлрүү бүр мөсөн шилжин явсан 78, аймаг нийслэлээс шилжин ирсэн 47, аймаг хот дотор шилжилт хөдөлгөөн хийлгэх хүсэлт гаргасан 273 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийж гүйцэтгэсэн.Өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим үнэмлэхийг гэрээр хүргэж өгөх хүргэлтийн үйлчилгээг эхлүүлэн 6 иргэний цахим үнэмлэхийг гэрээр хүргэж өгч ажилласан.

1 2

3 4

close
Facebook IconУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газарУлсын Бүртгэлийн Ерөнхий газар
Зочны дэвтэр