УБЕГ-ЫН ДАРГА Б.БААСАНДОРЖ АХБ-НЫ МОНГОЛ УЛС ДАХЬ ДЭД ЗАХИРАЛ ДЕКЛАН МАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Posted on 10/31/2019 · Posted in Мэдээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж өнөөдөр /2019.10.31/ Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Дэд захирал бөгөөд Суурин төлөөлөгчийн орлогч, ноён Деклан Магий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УБЕГ-ын дарга Б.Баасандорж ноён Деклан Магийг цаг зав гарган хүрэлцэн ирсэнд талархаж, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад тэр дундаа Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, тодруулбал, Монгол Улсын 21 аймгийн 330 сум, 152 хороог бүртгэлийн нэгдсэн сүлжээнд гүйцэд холбоход санхүүжилт олгож байгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд ихээчэн ач холбогдолтой төсөл хэрэгжиж буйд хувиасаа болон нийт улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Түүнчлэн хамтран хэрэгжүүлж буй “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн ач холбогдлыг чухалчлан үзэж, бүртгэлийн үйлчилгээг илүү боловсронгуй болгох зорилтын хүрээнд нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэхэд бүх талын дэмжлэг үзүүлсэн ноён Деклан Магий болон төслийн хамт олонд баярлаж буйгаа дахин илэрхийлэв.

Тэрбээр, энэхүү төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг товч танилцуулж, 2019 онд 120 сум холбохоос өнөөдрийн байдлаар дөрвөн аймаг /Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь /-ийн 32 сум холбогдоогүйг дурдаж, энэ оны 11-р сард багтаан бүрэн холбохоор ажиллаж байна гэв.

Монгол Улс дахь Дэд захирал бөгөөд Суурин төлөөлөгчийн орлогч, ноён Деклан Магий хэлэхдээ, буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас хэд хэдэн өөр төсөлд олгож буй санхүүжилт дотроос Улсын бүртгэлийн байгууллагад хэрэжгүүлж буй энэхүү төсөлд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Учир нь энэхүү төсөл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн иргэдэд чиглэгдээд зогсохгүй маш өндөр үр дүн, үзүүлэлттэй юм. Иймд Азийн хөгжлийн банкны зүгээс нэмэлт санхүүжилт олгохоор болж, бүртгэлийн үйлчилгээ илүү боловсронгүй болно гэдэгт эргэлзэхгүй байгаа төдийгүй ноён Б.Баасандоржтой үргэлжлүүлэн ажиллахдаа баяртай байх болно хэмээж байв.

 Уулзалтаар талууд тус газарт Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн явц, нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийх үйл ажиллагаа болон Санамж бичгийн талаар санал солилцов.

Уулзалтад АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төслийн шинжээч Э.Уянга, төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн, төслийн санхүү, захиргааны мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ, УБЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Мөнхцэцэг нар байлцав.

Төслийн тухайд,

“Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төсөл нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр батлагдаж, 2017 оны 10-р сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон бөгөөд төслийг 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш сум, хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох, холбогдох тоног төхөөрөмжөөр хангах, улсын бүртгэлийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, иргэний улсын бүртгэлийн онлайн болон оффлайн системийг шинээр хөгжүүлэх, сайжруулах, улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр олон ажлуудыг амжиллтай хэрэгжүүлж байна.

Анх төслийн баримт бичигт улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд 39 сум, 11 хороог холбохоор төлөвлөж байсан  боловч иргэд, бүртгэлийн байгууллагад хүрэх үр дүн, ач холбогдлыг чухалчлан үзэж нэмэлтээр 2019 онд 120 сумыг холбохоор шийдвэрлэж өнөөдрийн байдлаар 129 сум төслийн санхүүжилтээр холбогдоод байна.

Улсын бүртгэлийн байгууллагаас төслийн хэрэгжилтэд оруулж буй хувь нэмэр, санал, санаачлага, төслийн үр дүн, ач холбогдлыг харгалзан үзэж Азийн хөгжлийн банкнаас төслийн хугацааг нэг жилээр сунгаж, нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Нэмэлт санхүүжилтийн хүрээнд улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй сумдыг холбох, тоног төхөөрөмжөөр хангах, бүртгэгч нарын чадавхыг бэхжүүлэх, улсын бүртгэлийн салбарын хүний нөөцийн удирдлага, цахим сургалтын нэгдсэн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг төсөл хэрэгжиж дуусах хугацаа 2021 оны 12-р сарын 31-ний өдөр юм.

эх сурвалж: http://burtgel.gov.mn/index.php/2435-2019-10-31-08-30-34