ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ ОНЛАЙНААР ЗАХИАЛДАГ БОЛЛОО

Posted on 03/21/2019 · Posted in Онцлох мэдээлэл

Иргэний цахим үнэмлэхээ онлайнаар захиалах боломжийг нэвтрүүлж буй талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах, шат дамжлагыг багасгах, төвлөрлийг сааруулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай эхлүүлээд байна. Үүний нэг нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд дахин авах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах үйлчилгээг энэ сарын 19-ны өдрөөс нэвтрүүллээ. Иргэний үнэмлэхээ дахин авах иргэд маань улсын бүртгэлийн цахим систем burtgel.mn сайтаар орж захиалах боломжтой. Харин анх удаа буюу 25, 45 насны хугацааны сунгалтыг онлайнаар захиалах боломжгүй. Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандана.

Өмнө нь иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн төв суурин газарт байрлах улсын бүртгэлийн газарт биечлэн хоёр удаа ханддаг байсан бол одоо зөвхөн нэг удаа очих юм. Цахим бүртгэлээр иргэний үнэмлэхээ нийслэл хот, дүүргээс захиалсан тохиолдолд ажлын 3-5 хоногт, орон нутаг, сумаас захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт багтаж гарах юм. Харин онлайнаар захиалсан үнэмлэхээ авахдаа өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харъаллын дагуу очиж авна. 2018 оны жилийн эцсийн байдлаар иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, хаясан, хүчинтэй байдлыг алдагдуулсан шалтгаанаар 77869 иргэн улсын бүртгэлийн байгууллагад биечлэн ирж иргэний үнэмлэхийн дахин авах хүсэлт гаргасан байна.

Эх сурвалж нь : http://burtgel.gov.mn/index.php/2333-2019-03-21-09-43-24