Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоног- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Posted on 01/18/2018 · Posted in Мэдээ

Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоног- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь салбарын хэмжээнд тавигдсан стратегийн үйл ажиллагааны зорилт, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тус байгууллагын чиг үүрэг, УИХ, Засгийн газрын холбогдох хууль, тогтоомж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны нэг зуун хоногт шуурхай зохион байгуулж, ажиллалаа.

Нэг. Манай ОӨУБЕГ нь хуулинд заасан үндсэн чиг үүргийнхээ дагуу Засгийн газрын 100 хоногийн хугацаанд иргэний 19, эд хөрөнгийн 26, хуулийн этгээдийн бүртгэлийн 10, зохиогчийн эрхийн 3, аж үйлдвэрийн өмчийн эрхийн 33, архивын 24, нийт 115 төрлийн үйлчилгээг үзүүлэв.

1.1. Иргэний бүртгэл:

Манай улсад 22,716 хүүхэд төрж, Монгол хүн болсноо баталгаажуулж, төрсний гэрчилгээгээ гардан авав. 6,796 хосууд гэрлэлтээ бүртгүүлж, 4,999 иргэн нас барсны бүртгэлийг хийсэн байна.

Иргэний үнэмлэх 65,190 иргэнд олгосноос 15,439 хүүхэд 16 насанд хүрч, андгай тангаргаа өргөж, иргэний үнэмлэхээ гардан авав. Гадаад паспорт шинээр 61,087 иргэнд олгож, хугацааг 21,761 иргэнд сунгаж үйлчлэв.

1.2. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тухайн эд хөрөнгийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улмаар тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөгч өөрчлөгдөх, барьцаалах, худалдах, бэлэглэх, өв залгамжлуулах зэрэг гэрээ хэлцлүүд болон эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлэх, хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах, мөн эд хөрөнгөд орсон бусад өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэж холбогдох лавлагаа олгодог бөгөөд газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн анхны улсын 8,413 бүртгэл, газар өмчлөх эрхийн анхны улсын 7,169 бүртгэл, гэрээний эрхийн 123,818 бүртгэл хийсэн.

1.3. Хуулийн этгээдийн бүртгэл:

Улсын бүртгэлд бүртгэгдсэн нийт 165,554 хуулийн этгээдээс тайлант хугацаанд шинээр 4,385 хуулийн этгээдийг бүртгэсэн байна.

1.4. Оюуны өмчийн эрхийн бүртгэл:

Зохиогчийн эрхийн бүтээл бүртгүүлэх хүсэлтэй 1,580 өргөдөл, шинэ бүтээлийн мэдүүлгийн тоо 49, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг 60, ашигтай загварын мэдүүлэг 49, барааны тэмдгийн 1,008 мэдүүлгийг тус тус олгосон байна.

Улсын бүртгэлийн төв архив нь иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой архивын сан хөмрөгийг бүрдүүлж, архивын сангаас шаардлагатай лавлагааг иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр олгох үйлчилгээг үзүүлж байна.

Архивын сангаас нийт 187,639 лавлагаа, хуулбар олгосноос иргэний баримтын 37,271, хуулийн этгээдийн 15,882, эд хөрөнгийн бүртгэлийн 13,725, оюуны өмчийн бүртгэлээр 30 лавлагааг олгов.

Хоёр. “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгаврыг хүлээн авч, ОӨУБЕГ-т уг албан даалгаврыг хэрэгжүүлэх 12 хэсэг, 24 заалт бүхий нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, улс төрөөс ангид байж, мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, авлигад өртөхгүй байхаа илэрхийлсэн “Батламж”-ийн загварыг боловсруулж, салбарын нийт 1300 албан хаагчдад хүргүүлэв.

Авлигатай тэмцэх газартай хамтран ХАСХОМ, ХАСУМ-ыг мэдүүлэх талаар хариуцсан эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулав. “Байгууллагын үйлчилгээний стандарт, ёс зүй, авлигаас урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгуулж, нийслэл, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 234 албан хаагч хамрагдсан.

Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор нийслэлийн дүүргүүдийн 44 нэгжид камерыг суурилуулж, хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн.

Гурав. ЗГ-ын “2016-2020” оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэв.

ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөнд тусгагдсан тус газартай холбогдох 29 заалт бүрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Уг хөтөлбөрийн 5.2.8-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ”, 5.2.9-д “Улсын бүртгэлийн архивыг бүхэлд нь цахимжуулна”, 5.2.10-т “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтоолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасны дагуу “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн холбогдох судалгааг хийж, хөтөлбөр болон шаардагдах төсөв, төлөвлөгөөг боловсруулж, яам дундын ажлын хэсгээр хэлэлцүүлэн, холбогдох бусад яамдын саналыг авч, эцэслэв.

Хөтөлбөрийн гол агуулга нь иргэнд суурилсан төрийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэний эрхийг хангах, төрийн ой санамжийг бүрдүүлж, бэхжүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг төгөлдөржүүлж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгоход бүхэлдээ чиглэгдэж байгаа болно.

Дөрөв. Төрийн захиргааны удирдах албан хаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгуулав.

Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 77 жилийн ойг угтаж, салбарын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, төв, орон нутгийн бүх удирдах ажилтнууд оролцов.

Уг сургалт, зөвлөгөөний үеэр Баян-Өлгий, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймаг болон Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн хэлтсийн үйл ажиллагаа холбогдох хууль, дүрэм, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, зөвлөн тусалсан багуудын дүнг дэлгэрэнгүй хэлэлцэж, шийдвэрүүдийг гаргасны дээр аймаг, дүүргийн эхний 11 сарын ажлын дүн, үр дүнгийн гэрээний биелэлт, он дуусталх үлдэж буй хугацаанд анхаарах асуудлууд болон 2018 онд салбарын хэмжээнд тавигдах зорилго, зорилтуудаа тодорхойлсон нь ихээхэн ач холбогдолтой болсон.

Сургалтын хөтөлбөрт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай гарсан албан даалгаврын хэрэгжилтийн явцыг багтаан хэлэлцэж, үүрэг, даалгавар өгөгдсөн.

Тав. Байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэв.

Дээрх 4 аймаг, 4 дүүрэгт хянан шалгаж, зөвлөн туслах ажлын удирдамжид заагдсаны дагуу нийт 286 улсын /ахлах/ бүртгэгч, архивын 8 ажилтан, бичиг хэргийн 8 ажилтан, мэдээллийн технологийн 8 ажилтан, 10 хяналтын улсын байцаагч нарт газар дээр нь тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж, түвшин тогтоох шалгалт авч, хангалтгүй оноо авсан нийт албан хаагчид хугацаатай үүрэг даалгавар өгч, дахин шалгалт өгөх талаар чиглэл хүргүүлсэн.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, 13 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Мөн албан үүрэг болон ёс зүйн алдаа гаргасан 37 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, 17 албан хаагчийг Төрийн албаны зөвлөлийн тэмдэглэл болон Тамгын газрын даргын сануулах хуудсаар анхааруулга өгч ажилласан болно.

“Байгууллагын стратеги үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажил, үйлчилгээ” стратегийн зорилтыг хангах зорилтын хүрээнд 8 удаагийн сургалт, семинар зохион байгуулж, давхардсан тоогоор 562 албан хаагчийг, цаг үеийн холбогдолтой, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 4 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 461 албан хаагчийг хамрууллаа.

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс 3 удаагийн сургалт зохион байгуулж 180 гаруй төрийн албан хаагчдад оюуны өмч, улсын бүртгэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэсэн байна.

Зургаа. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгов.

Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүртгэлийн салбарын бүх нэгжүүд, эрдэм шинжилгээний хурлуудад үе шаттайгаар хэлэлцүүлэн 400 гаруй саналыг нэгтгэж, ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Хуулийн төслүүд УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал, холбогдох судалгаа, тооцоо, нэмэлт мэдээллийг гаргаж ХЗДХЯ-нд хүргүүлэн ажилласан.

ХЗДХЯ-ны Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах бусад эрхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, Барааны тэмдэг газар, зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт тус тус ажиллаж байна.

Байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй холбогдох 5 дүрэм, журмыг шинэчлэв. Мөн дээрх хуулиуд шинэчлэгдэн батлагдсанаар дагалдан гарах 8 журмын төсөл боловсруулж, Арга зүйн байнгын зөвлөлөөр хэлэлцүүлж, бэлэн болгоод байна.

Долоо. Төрийн ой санамжийн аюулгүй байдлыг хангаж, өндөр эрсдлийг бууруулахад ахиц, дэвшил гаргав.

Монгол Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд 2016 онд хийсэн нэгдсэн үнэлгээний дүнгээр бүртгэлийн удирдлагын програм хангамжууд чанарын шаардлага хангахгүй болсон, нөөцлөлтийн тусгай програмууд дутуу, ашиглагдаж буй серверийн 72.0 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 19.0 хувь нь гэмтэлтэй байгаагаас бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй, өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг тогтоосон. Дээрх нөхцөл байдлыг бууруулахад чиглэсэн дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Үүнд:

– Улсын бүртгэлийн мэдээллийн 60 теребайт санг устах эрсдэлээс сэргийлж, мэдээллийн санг дата төвд автоматаар нөөцлөх програм хангамжтай болов.

– Иргэний биеийн давхцахгүй өгөгдөлд суурилан холбогдох бүх мэдээллийг нэг эх үүсвэрээс гаргах лавлагааны нэгдсэн хайлтын системийг бүрдүүлэв.

– Иргэний үнэмлэхийг хэрэглээнд оруулах бэлтгэл ажил бүрэн хангагдаж, иргэний цахим үнэмлэхэд тоон гарын үсэг бичихэд бэлтгэв.

– Улсын бүртгэлийн 2 сервер, нэг хадгалах төхөөрөмжийг шинэчилж, 23 хороог онлайн сүлжээнд холбох ажлыг хийж байна.

Дэлхийн банкны төслийн хүрээнд үйлчилгээний нэгдүгээр байрны 3 давхарт байрлах серверийн өрөөг шинэчилж, ОӨУБЕГ-ын төв байранд байрлах хуулийн этгээд болон архивын цахимжуулалтын серверийг зөөвөрлөн нэг байранд төвлөрүүлснээр цахилгааны доторх монтаж шинэчлэгдэж, хөргөлтийн систем шинээр суурилуулж, серверийн өрөөг стандарт шаардлагад нийцүүлэн шинэчилж, болзошгүй эрсдлээс сэргийлэв.

Архивын ерөнхий газарт хүсэлт гарган шийдвэрлүүлж, архивын зориулалт бүхий 20 ширхэг нягтруулсан шүүгээг авч суурилуулж, 4040 хувийн хэргийн баримтыг сайжруулсан тавиурт байрлуулж, архивын эх нотлох баримтын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулав.

Найм. Үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэв.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраас энгийн гадаад паспорт авах хүсэлтийг нууцлал, аюулгүй байдлыг хангасан сүлжээгээр дамжуулан хүлээн авах техникийн нөхцлийг шийдэж, Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын цахимаар ирүүлсэн хүсэлтийн дагуу лавлагаа, мэдээллийг ажлын 2 хоногийн дотор гаргадаг болов.

Үйлчилгээний хураамжийг цахим төлбөрийн системээр дамжуулдаг болов. Энэ хүрээнд Голомт банкны 14 пос машины үйлчилгээг иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, архивын үйлчилгээнд бүрэн нэвтрүүлж, үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн системийг нэвтрүүлж, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн системд нийт 537 хуулийн этгээд болон иргэд хэрэглэгч болсон байна.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах, шинээр байгуулагдсан хуулийн этгээд, түүнийг мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх үйлчилгээг онлайн горимд шилжүүлэв.

Нийслэлийн алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд Юнивишн ХХК-ны гэр интернэт тавьж сүлжээнд оруулсан. Мөн СБД, ХУД, ЧД – үүдэд интернэт болон дотоод сүлжээний утас татаж, ашиглалтанд оруулаад байна.

Ес. Сурталчилгааны ажлыг идэвхжүүлэв.

ОӨУБЕГ-ын мэдээллийн нээлттэй, ил тод, шуурхай байдлыг хангах зорилтын хүрээнд байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, хууль тогтоомж, түүний хэрэгжилт бусад цаг үеийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд цаг тухайд нь хүргэж, холбогдох албан тушаалтнуудыг нэвтрүүлэг, ярилцлагад оролцуулах ажлыг зохион байгуулан ажиллав.

Өнгөрсөн нэг зуун хоногийн хугацаанд нийт 36 телевиз, 27 мэдээллийн сайт, 11 сонин, 9 радиогоор байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, байгууллагын 77 жилийн ойд зориулсан 30 минутын баримтат киног бүтээж, Eagle телевиз, орон нутгийн 6 телевиз, youtube, www.burtgel.gov.mn вэб сайт болон байгууллагын пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр газрын дарга нарыг дараах байдлаар телевиз, сонин, сайт, радиогийн ярилцлаганд оролцуулж, байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд мэдээллийг шуурхай хүргэлээ. Үүнд:

• Телевизийн шууд нэвтрүүлэг – 18 удаа

• Сонины ярилцлага – 12 удаа

• Сайтын тодруулга, ярилцлага – 23 удаа

• Телевизийн мэдээ – 47 удаа

Арав. Хоёр болон олон талт хамтын ажиллагаа өргөжив.

Тус байгууллага нь НҮБ-ын Ази, номхон далайн орнуудын Иргэний бүртгэл-хүн амын үндсэн статистик үзүүлэлтийг сайжруулахад чиглэсэн нийт 22 орны 30 гишүүнтэй бүсийн Удирдах зөвлөлд гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард зохион байгуулагдсан Бүс нутгийн Удирдах Зөвлөлийн гуравдугаар уулзалтад төлөөлөгч оролцож, байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын иргэний бүртгэлийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, “Нэг иргэн -Нэг бүртгэл” хөтөлбөрийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьж, 2017-2020 онд тус байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжих “Нийгмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох бүртгэлийн системийг дэмжих” төсөл 2017 оны 10 сард батлагдав.

Энэхүү төсөл нь төрийн байгууллагын мэдээллийн солилцоо, иргэний бүртгэлийн системийн чанарыг сайжруулах, иргэний бүртгэлийн механик аргаас электрон хэлбэрт шилжих үйл ажиллагааг дэмжих, өгөгдлийн зөрүүг багасгах, иргэдэд зориулсан бүртгэлийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Эд хөрөнгийн эрхийн цахим бүртгэлийн (ePRS) програм хангамжийг сайжруулж, үлдсэн 13 аймгийн бүртгэлийн төвүүдийг сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн бөгөөд дээрх аймгуудын эд хөрөнгийн цахим бүртгэлийн орчинг бүрдүүлэхэд шаардлагатай компьютер, түүний дагалдах сэлбэг хэрэгсэл, сканнер, хэвлэх төхөөрөмж, хор зэрэг тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийв.

Оюуны өмч болон бүртгэлийн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын 6 удаагийн арга хэмжээнд 20 албан хаагч Швейцарь, БНХАУ, Тайланд, Япон, АНУ зэрэг улсад 3-10 хоногийн хугацаатай оролцсон.

Бидний цаашдын зорилт бол ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, байгууллагын стратегийн зорилтын хүрээнд 2018 оны үйл ажиллагааны бодлого зорилтыг тодорхойлж, хэрэгжилтийг нь хангаж ажиллах явдал юм.