Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Төрийн албан хаагчдын гарт 243 мянган төгрөг очих тооцоо гарч байгаа

Posted on 12/20/2017 · Posted in Мэдээ

Төрийн алба хаагчдын гарт 243 мянган төгрөг очих тооцоо гарч байгаа

Төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал болгож 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж, шаардлагатай хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгасан. Тэгвэл улсаас олгож буй үр дүнгийн урамшууллыг ямар журмаар олгох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшууллыг ямар журмаар олгох вэ?
-УИХ-ын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоол өнгөрсөн арваннэгдүгээр 9-нд батлагдсан. Тогтоолын 1.1 дэх заалтад Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газарт 2017 оны төсвийн жилд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчид 300 мянган төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох арга хэмжээ авахыг даалгасан байгаа. Энэ дагуу Засгийн газраас төрийн албан хаагчдад олгох үр дүнгийн урамшууллыг олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
-Төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад бүх төрийн албан хаагч авна гэж ойлгож болох уу?
-Тэднээс гадна сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байгаа төрийн албан хаагчид урамшуулал олгохгүй байхаар оруулсан.
-2017 оны үр дүнгийн урамшуулал олгоход нийт хэчнээн төгрөг зарцуулах вэ?
-Энэ оны урамшуулалд 55.6 тэрбум төгрөг зарцуулна.
-Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг урамшууллаас суутгах уу?
-Цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй байдаг. Урамшуулал нь цалин хөлсний бүрэлдэхүүнд багтаж байгаа учраас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад зааснаар энэхүү урамшууллаас хувь хүний орлогын албан татвар 10 хувь, төрийн албан хаагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 10 хувийг суутгана. Ингэхээр төрийн алба хаагчдын гарт 243 мянган төгрөг очих тооцоо гарч байгаа.

2018 оны улсын төсөвт тодорхой хэмжээний урамшууллын зардал тусгасан

-Үр дүнгийн урамшууллыг жил бүр олгох уу. Эсвэл энэ нь нэг удаагийн арга хэмжээ юм уу?
-Энэ нэг удаагийн арга хэмжээ биш. Ирэх 2018 оны улсын төсөвт тодорхой хэмжээний урамшууллын зардал тусгасан байгаа.
-Урамшууллыг зарим төрийн байгууллага ялгавартай олгоно гэж байгаа. Ийм заалт журамд бий юү?
-Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрт төрийн албан хаагчдад урамшууллыг ялгавартай олгох талаар заалт тусгаагүй.
 
-Төрийн албан хаагчид урамшууллаа энэ ондоо багтаж авах боломжтой юу?
-Ондоо багтаагаад олгож дуусах ёстой.
-Орон нутгийн ИТХ-ын дарга нар үр дүнгийн урамшуулалд хамрагдах уу?
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төрийн өндөр албан тушаалд хамаарах тул урамшуулалд хамрагдахгүй.
-Энэ онд ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан, эсвэл түр хугацаанд чөлөө авсан албан хаагчдад энэхүү урамшууллыг олгох уу?
-УИХ-ын 2017 оны төсвийн тодотголд төсвийн байгууллагын зөвхөн төсөвт тусгагдсан орон тоонд үндэслэн 300 мянган төгрөгийг олгохоор хөрөнгийг тусгасан. Тийм болохоор урамшууллыг чөлөөтэй байгаа хүнд болон түүнийг орлон ажиллаж байгаа ажилтанд давхардуулан олгох боломжгүй. Иймд 300 мянган төгрөгийн урамшууллыг чөлөөтэй байгаа болон орлон ажиллаж байгаа ажилтны аль алинд нь тухайн жилд ажилласан хугацаа буюу сарыг нь харгалзан хуваарилах нь зүйтэй.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин