Ц.ПҮРЭВДОРЖ: ЗУРГААДУГААР САРЫН 16-НААС ӨМНӨ САНАЛ ӨГӨХ ГАЗРАА ӨӨРЧИЛЖ БОЛНО

Posted on 06/04/2013 · Posted in Онцлох мэдээлэл

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.ПҮРЭВДОРЖООС дараахь тодруулгыг авлаа.
-Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг эцсийн байдлаар гаргасан уу?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гуравдугаар сарын 1-нд сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж цахим хуудсандаа тавих ёстой. Энэ үүргээ биелүүлж сонгогчдын нэрийн жагсаалтыг ил болгосон. Үүн дээр нэмэгдээд Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Батлах хамгаалах яам, Хилийн цэргийн удирдах газар зэрэг байгууллагуудаас тавдугаар сарын 15-ны дотор сонгуульд оролцох хүмүүсийнхээ мэдээллийг ирүүлсэн.

Үүнийг өмнө нь гаргасан сонгогчдын нэрийн жагсаалттай нэгтгээд зургадугаар сарын 1-нээс өмнө нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргах ёстой. Хуульд заасан энэ хугацаанд сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаад дуусч байна. Харин одоо аймаг, нийслэл, дүүрэг дэх салбаруудаараа дамжуулаад сонгуулийн тойргийн хороодод хүргүүлнэ. Ингэснээр сонгогчдын нэрийн жагсаалт санал авах байр болон тухайн засаг захиргааны Засаг даргын Тамгын газар нээлттэй байршина. Иргэд энэхүү жагсаалттай танилцаад зөрчил байна гэж үзвэл санал хураах өдрөөс арав хоногийн өмнө гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.

 

-Иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Мөн манай байгууллгын www.burtgel.mn цахим хуудас руу ороод ригестрийн дугаараараа өөрийгөө бүртгэгдсэн эсэхийг шалгаж болно. Хэрэв нэрсийн жагсаалтад ороогүй байвал ямар нэгэн зөрчилтэй байна гэсэн үг. Тиймээс зөрч-лөө арилгуулах үүрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүртгэлийн зөрчилтэй иргэн санал хураах өдрөөс арав хоногийн өмнө зөрчлөө арилгасан байхыг үүрэгжүүлсэн юм.

-Сонгуулийн тов зарлагдсан өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Тэгэхээр бүртгэлтэй байгаа хаягнаасаа өөр газар очиж амьдарч байгаа иргэд бүртгэлтэй газраа очиж саналаа өгнө гэсэн үг үү?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийг УИХ-аас товлосон өдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ноос санал хураах өдөр хүртэл иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Ингэхлээр иргэд очсон газраа саналаа өгч болох уу, үгүй юү гэдэг асуудал үүснэ.

Энэ асуудлыг сонгогчдын шилжилт хөдөлгөөн гэсэн хуулийн заалтаар зохицуулж байгаа. Явах гэж байгаа газрынхаа бүртгэлийн ажилтанд хандаж хуудас авч бөглөөд очиж байгаа газрынхаа хэсгийн хороонд очоод манай байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд хандаж сонгогчийн шилжилт хөдөлгөөнд хамрагдана. Харин санал хураалт дууссаны дараа иргэний шилжилт хөдөлгөөнөө хийлгэх боломжтой.

-Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хэзээ зогсоох вэ?
-Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг санал хураах өдрөөс арав хоногийн өмнө зогсооно. Тэгэхээр зургадугаар сарын 16-наас өмнө сонгогчдын шилжилт хөдөлгөөнд хамрагдаж болно гэсэн үг.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН